MongolianEnglish (United Kingdom)
Төмөр замын тариф нүүрсний үнийг өөрчилж болзошгүй байна
There are no translations available.

 

Төмөр замын салбарт техник, технологийн шинэчлэл, үнэ, хангалт гээд багагүй бэрхшээл байна.

Энэ талаар нүүрс олборлогч уурхайнууд, эрчим хүчний салбарынхан салбарын яамныхаа сайд, албадын дарга нарын хамт зөвлөгөөн зохион байгуулж, ярилцлаа.

Зөвлөгөөний үеэр эрчим хүчний нүүрс олборлолт, үнэ ханш, техник технологийн шинэчлэлтийн талаар түлхүү ярилцсан юм.

 

 

 

 

 

 

 

Өнөөдөр манай улсын хувьд эрчим хүчний нүүрс олборлолтоор тэргүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхай улсын үйлдвэрийн газар хэлбэрээр ажилладаг. Улсын чанартай уурхайнуудын хувьд хөрөнгө оруулалт хийдэггүйгээс элдэв хүндрэл учрах нь элбэг. Багануурын уурхайн үндсэн хөрөнгийн 60, Шивээ-Овоогийн уурхайн 40 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Энэ хоёр уурхайд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болоод байгаа аж. Төрийн өмчит уурхайд өөрийн хөрөнгө гэж бараг байдаггүй байна. Багануур л гэхэд өмнө нь Дэлхийн банкны 31.1 сая ам.доллар, Японы 2.3 тэрбум иен, Шивээ-Овоогийн уурхайд Японы 7.7 тэрбум иений зээл, тусламж авч шинэчлэл хийсэн.  Гэтэл зээлээ эргүүлж төлж чадахгүй байгаагаас уурхайнуудад үүсдэг бэрхшээлийн нэг шалтгаан болж байна.

Түүнчлэн хамгийн их тулгамддаг асуудал нь нүүрсний үнэ ханш байдаг. Нүүрсний үнийг тогтвортой барих бодлогыг Засгийн газар хэрэгжүүлдэгээс уурхайнууд өр авлагын торонд хүлэгдсэн гэж тус салбарынхан үзэж байгаа юм. Тиймээс нүүрсний салбарт үнэ чөлөөлөх асуудлыг даруйхан шийдэхийг хүсч байна. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах газарт нүүрсний асуудлыг албан ёсоор шийдэж өгөхийг тус салбарынхан санал болголоо. Тэдний хэлж байгаагаар эрчим хүчний үнийг хөөцөлддөг газар байхад нүүрсний салбарынхны төлөө явдаг газар албан ёсны газар байдаггүй гэнэ.

Нүүрсний үнийн талаар ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангаас тодруулахад, өнгөрсөн жил нүүрс, цахилгааны үнэ нэмсэн. Төмөр замын тариф нэмэгдээд ирэхээр дахиад нөгөө үнийн асуудал яригдаж эхлэх нь. Гэхдээ энэ өвөлдөө хараахан яригдахгүй, он гараад л яригдаж магадгүй гэлээ.

Одоогийн байдлаар нэг тонн нүүрсний өртөг, үнийн хэмжээ бараг 500-600 төгрөгийн л зөрөөтэй байгаа юм байна.

Монгол улсын нийт эрчим хүчний станцын 90 хувь нь нүүрсээр хангагддаг. Энэ жил хойд бүсийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангахад бэрх байгаа аж. Төмөр замын тээвэрлэлт ихэсч байгаагийн дээр Багануур, Шивээ-Овоогийн уурхай бүх станцыг хангах боломжгүй байгаа юм. Түүнээс гадна Шарын голын нүүрс багасч байгаа юм. Тиймээс шинээр Улаан-Овоотын ордыг ашиглалтад оруулж эхний ээлжинд Эрдэнэт, Дарханы цахилгаан станцын тодорхой хувийг Улаан-Овоотоос хангахаар үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

 

Б.Нар