MongolianEnglish (United Kingdom)
“МИАТ” компани зуны нислэгтээ “Аirbus 330-300” агаарын хөлөг ашиглана
There are no translations available.

Сүүлийн үед хэл амтайхан байгаа МИАТ компани ирэх сарын нэгний өдрөөс эхлэн Airbus 330-300 агаарын хөлөг үйлчилгээнд гаргахаар болоод байгаа ажээ. Энэ талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцахын мэргэжилтэн Г.Түмэнжаргалаас лавласан юм.

-Танай компани ирэх сарын нэгний өдрөөс Улаанбаатар Берлингийн чиглэлд Аэробус 330-300 онгоц явуулах гэж байгаа гэсэн?
-Олон улсын нислэгт энэ зуны турш үйлчлэх Аэробус 330-300 агаарын хөлөг өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, ирэх сарын 1-ний өдрөөс Улаанбаатар-Берлиний чиглэлд нисч эхэлнэ.Манай компанийн А310-300 агаарын хөлгийн баруун далавч гэмтсэний улмаас дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс Боинг 73-800 агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа. МИАТ компани 2010 оны зуны нислэгийн хуваариа агаарын гурван хөлгөөр үйлдэхээр төлөвлөж, билет борлуулалтаа хийж эхлээд байсан бөгөөд ийнхүү зорчигчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, зочид буудал, аялал жуулчлалын салбарын бизнесийг дэмжих зорилгоор агаарын хөлөг түрээслэхээр шийдвэрлэсэн юм. Зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа, Боинг 737-800 агаарын хөлөг зуны улиралд Улаанбаатар-Берлиний чиглэлд нислэг үйлдэхэд агаарын температураас шалтгаалан зорчигчийн тоог цөөлөх шаардлага гардаг зэргийн улмаас хүнд даацын агаарын хөлгийг богино хугацаанд нойтон түрээсийн хэлбэрээр түрээслэх чиглэлийг МИАТ хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн юм. Үүнийг салбарын яам, Засгийн газар дэмжсэний дагуу уг гэрээг байгуулж байгаа. Дээрх чиглэлийн дагуу “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр Турк улсад бүртгэлтэй, 2001 онд үйлдвэрлэсэн, 318 зорчигчийн суудалтай, 15 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай А 330-300 маягийн агаарын хөлгийг 2010 оны долдугаар сарын 1-ний өдрөөс богино хугацаагаар түрээслэх гэрээ байгууллаа.

-Нойтон түрээс гэдэг нь ямар түрээсийг хэлдэг юм бэ. Жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Түрээслүүлэгч тал агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисгэх бүрэлдхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцдаг бол Түрээслэгч нь агаарын хөлгөөр зорчиж буй зорчигч, түүний ачаа, тээш, каргоны хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах, үдэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Үүнийг нойтон түрээс гэдэг. Нойтон түрээсийн гэрээ хийж буй Туркийн SAGA Airlines нь 2004 оноос агаарын есөн хөлөг /А310, А330, Б737/-өөр нойтон түрээсийн болон захиалгат /charter/ нислэгийг Их Британи, Саудын Араб, Алжир, Ирак зэрэг улсад үйлдэж ирсэн юм. 20-иос дээш жилийн туршлага бүхий нисэх бүрэлдхүүнтэй, EASA-145 дүрмийн дагуу засвар үйлчилгээ хийх эрх бүхий агаарын тээврийн компани юм.
-Ингэж гаднаас онгоц түрээслээд олох ашиг нь хэр байх бол гэдэг анхаарал татаж байна л даа? Түрээсийн хувьд асар өндөр шүү дээ?
-Гэрээнд тусгаснаар тус агаарын хөлгийн төлбөр нь ниссэн цагаасаа хамаарах бөгөөд МИАТ ХК энэ хугацаанд ашигласнаар дунджаар 10 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөөд байна. Олон суудалтай агаарын хөлөг ашигласнаар төлөвлөснөөс илүү зорчигч, ачаа тээвэрлэх боломж бүрдэх бөгөөд тус компани гэр бүл, найз нөхөд, групп зорчигчдод зориулан маркетингийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт зарлаад байгаа юм хэмээн тэрбээр хариуллаа. Орчин үеийн тав тухтай, нийт 318 суудалтай тус агаарын хөлөг МИАТ компанийн Улаанбаатар-Берлин, Улаанбаатар-Токиогийн чиглэлд үйлчлэх юм байна.

Эх сурвалж: Улаанбаатар таймс сонин