MongolianEnglish (United Kingdom)
Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлав
There are no translations available.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг найдвартай хангахад энэхүү бодлогын зорилго оршиж байгаа юм. Бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрэх, худалдаа, тээврийг хөнгөвчилсөн шинэ замналыг бий болгон, далайн боомтуудад гарцтай болох зорилтыг тавиад байгаа ажээ. Эхний ээлжинд 1100 орчим км төмөр зам барих бөгөөд Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн хооронд 140 км, Хөөт-Чойбалсангийн хооронд 150 км төмөр замтай болох нь. Дараагийн үе шатанд 900 орчим км төмөр зам барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ удаад Нарийнсухайт, Шивээхүрэн, Ухаа худаг, Гашуунсухайт, Тамсагбулаг, Нөмрөг, Бичигт зэрэг боомтуудыг төмөр замаар холбох юм. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байх ажээ.

Харин бүтээгдхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын орд газарт боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлж байх юм.
Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувийн саналаар баталсан юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн олонхийн саналаар баталсан. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг олонх дэмжин баталсан юм. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд мөн эцсийн хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг аван батлагдсан юм.

Энэ өдөр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ. Хаалттай хуралдаан үдээс хойш дахин үргэлжилсэн юм.

Эх сурвалж: Улаанбаатар таймс сонин